2015-03-18

Монгол хэлний дүрэм 3

Эгшиг зохицох ёс

Дүрэм №8.
Үгийн эхний эгшиг, мөнхүү үгийн дараах эгшгийг ялган тогтоох ёсыг эгшиг зохицох ёс гэнэ. Эгшиг хэлний ба уруулын талаар зохицно.

Монгол хэлний нэг үгэнд эр, эм эгшиг хамтран орохгүй. Эр эгшиг эр эгшигтэйгээ, эм эгшиг эм эгшигтэйгээ зохицож орно. Саармаг эгшиг эр, эм ямар ч эгшигтэй зохицон орно. Энэ бол эгшиг хэлний талаар зохицох ёс юм.

Гажилт:
1. Хоёр үгнээс бүтсэн нэг үгэнд эр, эм эгшиг орж болно. Жишээлбэл: горьгүй, болохгүй, Батгэрэл гэх мэт.
2. Хааяа үгийн эцсийн урт эгшиг энэ дүрмийг зөрчинө. Жишээлбэл: байжээ, болжээ, гарчээ гэх мэт.

Дүрэм №9.
Эгшиг уруулын талаар зохицохдоо:

1. Үгийн эхний үед а, у байвал хойшид а дагана. Жишээлбэл: авдартай, уламжлахад, хамгаалахаараа, уулзвар гэх мэт.

2. Үгийн эхний үед э, ү, и байвал хойшид э дагана. Жишээлбэл: эрдэм, үзэгдэхэд, жинхэнэ гэх мэт.

3. Үгийн эхний үед о байвал хойшид о дагана. Жишээлбэл: онгоцоор, оролцоход гэх мэт.

4. Үгийн эхний үед ө байвал хойшид ө дагана. Жишээлбэл: мөнгө, өргөдөл, өндөглөхөд гэх мэт.

5. Энэ зохицолд урт, хос, туслах эгшиг хамаарна. Жишээлбэл: Ёндон, олъё, уралдаантайгаар, үзье, үдэшлэгтэй, инээдэм, уяатай гэх мэт.

Энэ дүрмийг хүснэгтээр үзүүлбэл:

Үгийн эхний үед ийм эгшиг байвал Хойшид тохиолдох эгшиг нь
а, у -> а
э, ү, и -> э
о -> о
ө -> ө

Гажилт:

1. уу, үү, юу, юү, яу, ёу, еү, иу эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох бөгөөд хойшид дагах эгшгийг өөрийн зохицолд авна. Жишээлбэл: орчуулагч, өрнүүлсэн, оёулахдаа, үеүдэд, хориулан гэх мэт.

2. и, ий, ы, эй эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох боловч хойшид дагах эгшиг нь өмнөх эгшгийн зохицолд хамаарагдана. Жишээлбэл: ажиллах, хөгжилдөнө, онийсон, нөхөдтэйгөө, өвстэйхөн, доёийсон гэх мэт.

No comments:

Post a Comment