О.Самбуудорж
Товч агуулга. Зохиогч энэ өгүүлэлд монгол хэлний “хот”, “хөтөвч, хөтөл, хөтөлбөр”, “ховор, хомс (хомос)”, “үнэр, үнэс(эх), хүнс (хүнэс)”, “хямар-, хярам”, “битүү, бүтэх”, “илүү, үлэмж” зэрэг үгсийн утга, гарлын талаар өгүүлнэ. Тухайлбал “илүү, үлэмж” хэмээх хоёр үгийн нэг гаралтай болохыг үгийн утгын холбоо, “и” эгшгийн нугарлын хууль, үг бүтэх ёс, түүнчлэн нутгийн аялгуу, алтайн овгийн хэлнүүдийн жишээ баримтаар тайлбарлан өгүүлсэн болно.
Түлхүүр үгс. Монгол хэл, нутгийн аялгуу, алтай судлал, үгийн сан, үгийн гарал, авиа, утга, хот, хоол, илүү
1. Удиртгал. Энэ өгүүлэлд монгол хэлний дор дурдах зарим үгийн гарлыг монгол хэл, аялгуу болон манж-түнгүүс, түрэг, япон, солонгос зэрэг алтай овгийн хэлнүүдийн жишээ баримттай харьцуулан өгүүлэх юм. Хэл шинжлэлд үгийн тухай олон тодорхойлолт буйгаас хамгийн их тархсан нэг тодорхойлолт бол үгийг хэлбэр, агуулгын нэгдэл гэх үзэл байдаг. Хэлбэр нь үгийн өнгөн бүтэц авианы тал болж байдаг бол агуулга нь үгийн гүн бүтэц утгын тал болж байдаг. Хэлний авиаг утгатай бус, утгыг бэхэлсэн болзмол тэмдэг гэх нь бий. Утгыг авиа, юм, ухан ойлгохуй гурвын харьцаа гэдэг. Үүнээс үзвэл хэлбэр, агуулгын нэгдлийг үг гэж тодорхойлж болох ажээ. Хийсвэр үгс, хэлзүйн хэлбэрүүд ч харьцаанд орших хэлбэр, агуулгын нэгдэлтэй байдаг. Гэхдээ үгийн хэлбэр (form), утга (meaning) зогсонги бус хөдлөнги шинжтэй хувьсан өөрчлөгдөж байдаг учир тэдгээрийн зүй тогтлыг олох нь үгийн гарал судлалд чухал ач холбогдолтрй юм. Бид энэ өгүүлэлд тухайн үзэл онолыг баримталсан болно.
2. “Хот” хэмээх үгийн утга, гарал. Бидний сайн мэдэх “Улаанбаатар хот, Дархан хот” зэрэг холбоо үгсийн “хот” гэдэг үгийг “малын хот, хот айл” гэсэн холбоо үгсийн утга өргөжин тэлснээс үүссэн байна. Хуучин үед монголчуудын бөөнөөр аж төрж, амьдрах газар нь малаа хонуулж хэвтүүлдэг “хот”, тэнд суурьшсан “хот айл” болж байв. Улмаар энэхүү “малын хот, хот айл” гэдэг үгсийн “хот” нь бидний “ходоод” гэдэг үгтэй гарал нэг болж байна.
Учир нь “ходоод” гэдэг үг утгын хувьд “хот” айлын адил “юмыг агуулах газар орон” гэсэн утгатай бөгөөд уг үгээс үүссэн байна. Бичгийн хэлэнд буюу халх аялгуунд идэх хоолоо “хоолой”-гоор “давуулж залгих юм” гэсэн утгаар “хоол” гэж хэлдэг бол, баруун монголчуудын аялгуунд идэх хоолоо “хот” гэх ба энэ нь тэд ходоодоо “хот” гэж хэлдэгтэй холбоотой байдаг.[1] Мөн буриад монголчууд хорь, ага, цонгоол, хамниган зэрэг аялгуунд идэх хоолоо “хото /xoto” гэж хэлж байна.[2] Үүнээс үзвэл ходоодын “хот”, хот айлын “хот”, нийслэл хотын “хот” нь гарал нэг үгс болж байна. Нөгөө талаар ходоод хэмээх үгийг “хот (<хоту)” язгууртай, хоолой хэмээх үгийг хоол (<хогула) язгууртай гэж болно. Учир нь ойрдын аман аялгуунуудад хоолой гэх үгийг хоол гэж хэлж байна.[3] Хэрэв “ходоод, хоолой” хэмээх үгсээс “хот, хоол” гэсэн үгс үүссэн гэж үзвэл ухран бүтсэн үгс болж байна. Цаашид монгол хэлэнд ухран бүтсэн үгс байж болох талаар нарийвчлан судлах шаардлага байгаа юм.
Түүнчлэн “хот” гэдэг үгээс хот (эм хонины үрийн хэвтэш, далны ясны хамрын хажуу талын хонины хот шиг хотгор газар, цахиур бууны дарь хийх сав), хотол (хот айл бүгдээр, даяар), хотлох (малыг хотонд нь оруулж хэвтүүлэх), хоторхой (ходооны мухар ба гэдэс), хоточ нохой (хотоо сайн манах нохой) зэрэг олон үг үүссэн байдаг байна. Малын “хот” нь хотгор нөмөр газар байх тул “хотойх, хотгор” гэсэн үгстэй язгуур нэг гэж болох юм.
Алтай овгийн хэлнүүдтэй тухайн үгсийн утга, гарлыг харьцуулан үзвэл түрэг бүлгийн зарим хэлэнд “хоол” болон “хоолой” гэхийг “тамак” гэж нэг үгээр хэлж байна.[4] Үүнээс үзвэл монгол, түрэг хэлнүүдийн тухайн үгс гарлын холбоог шууд илтгэхгүй, сэтгэлгээний нийтлэг шинжийг илтгэж байгаа юм. Ийм нийтлэг нь тухайн хэлнүүд бие биедээ нөлөөлсөн, эсвэл эрт цагт эдгээр хэл дундын нэг үгтэй байгаад хожим өөр өөрийн үгтэй болох үед сэтгэлгээний нийтлэг шинж нь үргэлжилсэн байх магадлал байгаа юм. Орчин цагийн япон хэлэнд “идэ-х” гэхийг “табэ-рү” гэж хэлж буй нь түрэг бүлгийн зарим хэлний “тамак” гэдэг үгтэй язгуур дүйж байна. Өмнө өгүүлсэн малын “хот” гэдэг үгийг зарим түрэг хэлнүүдэд “кора” гэж хэлж буй нь халх аялгууны малын “хороо” гэдэг үг болж байна.
Манж бичгийн хэлэнд “хоол” гэвэл “жэмэнггэ (идэх юм)”, “хоолой” гэвэл “билга, монггон“ гэж хэлж байна.[5] Үүнээс “монггон” гэдэг нь түрэг хэлнүүдийн “мойын, богыз (хүзүү, хоолой)” гэдэг үгстэй язгуур тохирч байна. Учир нь алтайн овгийн хэлнүүдэд тагнайшсан “г” гийгүүлэгч “й” гийгүүлэгчээр сэлгэх тохиолдол байдаг. Иймд “мойын” гэвэл “могы-” язгууртай байсан гэж болох юм. Монгол хэлний морь малын урьд хөлийг хүзүүнээс нь бохирдуулж уях уяа, мөн хүн амьтны хүзүү шиг хотойн сунаж тогтсон хэлбэртэй уулын онь хөтлийг “богоч” гэж хэлдэг нь өмнө өгүүлсэн “богыз” гэдэг үгтэй гарал нэг, түрэг хэлнээс монгол хэлэнд орсон үг байж болох ажээ. Учир нь алтай судлалыг үндэслэгч эрдэмтэд авианы тохирлын хуулиар чуваш болон монгол хэлний “r” авиа түрэг хэлний “z” авиатай тохирдог гэдэг.[6] Жишээ нь: Монгол хэлэнд “бяруу <*бырагу (2 настай үхэр)” түрэг хэлнүүдэд “бузау, бузав (тугал ба бяруу)” гэх мэт. Мажаар хэлэнд “borju (тугал ба бяруу)” гэж хэлдэг нь авианы тохирлын хуулиар чуваш юм уу монгол хэлнээс орсон үг гэж болох байна.[7] Түүнчлэн “z” авиатай үг бусад хэлэнд орвол төстэй авиагаар орлуулж хэлэх тохиолдол байдаг. Ойрд аялгуунд уулын онь хөтлийг болон гутлын боомыг “гануу” гэж хэлж байна.
Манж бичгийн хэлэнд “толгой” гэхийг “үжү <*күжү” гэдэг нь монгол хэлний “хүзүү” гэдэг үг болж байна. Монгол хэлний урт эгшигтэй үгийг алтайн овгийн бусад хэлнүүдэд богино эгшгээр бичиж дуудах нь бий. Жишээ нь үжү, кора гэх мэт. Иймээс тухайн хэлнүүдэд урт эгшиг байхгүй гэх санал ч байдаг байна.
Манж бичгийн хэлэнд монгол хэлний “идэ-” гэхийг “жэ-” гэж хэлдэг нь олон түрэг хэлнүүдэд мөн “жэ-” гэж хэлдэгтэй адил байна. Тухайн үгийн “ж” гийгүүлэгчийг “й” гийгүүлэгчээр сэлгэж хэлдэг түрэг хэлнүүдэд “йэ-” гэсэн язгууртай хэлнэ. Зарим эрдэмтэд монгол хэлний зэм, жимс (жимис) зэрэг үгсийг тухайн үгстэй гарал нэг гэх ба жэ-(je-) язгууртай гэдэг.[8] Монгол хэлний “уу-” гэх үйл үгийг зарим түрэг хэлнүүдэд “иш-” гэж хэлдэг нь монгол хэлний “идэ-” гэсэн үгтэй язгуур тохирдог байна. Монгол хэлний “уу-“ гэхийг манж хэлэнд “оми-”, япон хэлэнд “номи-“ гэж хэлдэг нь авианы хувьд тохирч байна гэж болох юм. Эрт цагт монголчууд шөлтэй хоол, тараг зэрэг шингэн зүйл орсон идээг “идэх” гэхгүй “уух” гэж хэлдэг байсан нь одоогийн ойрдын нутгийн аялгуунуудаас ч мэдэгддэг. Гэтэл сүүлийн үед ийм зүйлсийг монголчууд “идэх” гэж хэлж буйгаас гадна хүүхдээ хөхүүлэхээ ч “мээм идүүлэх” гэж хэлэх тохиолдол бий болж байна.
Орчин цагийн солонгос хэлэнд монгол хэлний “идэ-” гэхийг “мог-да (mog-da)”, “хоолой” гэхийг “мог (mog)“ гэж нэг язгууртай хэлж байна.[9] Энэ жишээ нь манж болон түрэг хэлнүүдийн жишээтэй тохирч байна. Түүнчлэн монгол хэлний “богоч (богучи)” гэдэг үгийн “богу” язгууртай тохирч байна. Жич өгүүлэхэд “хоолой (хогулай)” гэхэд “хогу” язгуур нь “богу, мог” гэсэн язгууртай тохирдог гэж болох байна. Энэ нь уруулын “б, м”, хамжих “б, х” гийгүүлэгчдийн хоорондын тохирлоор батлагддаг. Үгийн эхний “п~б” гийгүүлэгч хувьслын явцад “х” гийгүүлэгчээр дамжин хоосонд шилждэг. Авианы тохирлын ийм хувьсал маш эртний дөрөв юм уу арван мянган жилийн тэртээх хэлний үзэгдэл гэж таамаглаж болно. Иймд тухайн хэлүүд уг үгийн хувьсал хөгжлийн аль нэг үеийн онцлогийг хадгалан үлдсэн байдаг. Зарим тохиолдолд уг хэлэндээ хадгалагдан үлдсэн хэлбэр нь хожим нөгөө хэлэндээ зээлмэл үг болон ордог байна. Үүнийг “богоч” гэсэн үгийн жишээгээр тайлбарлаж болно. Ийм байдал нь алтайн овог хэлнүүдийг зөвхөн хутгалдсан хэл, эсвэл эрт цагт алтайн овог хэл гэж байгаагүй гэх саналыг үгүйсгэх шалтгаан болж байгаа юм.
Үүнээс үзвэл алтайн овгийн хэлнүүдэд “хоол, хоолой, идэх, уух” зэрэг үгс хэлбэр, утгын хувьд нийлэх, салаалах зэргээр тохирч буй нь сэтгэлгээний нийтлэг шинж төдийгүй, эдгээр үгсийг маш эрт цагт дундын нэг үгээр хэлж байсны ул мөр болж байна. Гагцхүү хэлбэр, утгын тохирлыг нарийвчлан судалж анхны хэлбэр, хэлний хувьсал хөгжлийн явцад нэг хэлэндээ хадгалагдан үлдсэн хэлбэр, хожим энэ хэлбэр нөгөө хэлэндээ орсон хэлбэр, мөн бусад хэлбэр зэргийг ялган тогтоож байх нь чухал байгаа юм.
3. “Хөтөвч, хөтөл, хөтөлбөр” хэмээх үгсийн утга, гарал. Эдгээр үгсийг хүн, амьтны “ууц, нуруу, бөгс” гэсэн утгыг илэрхийлэх “хөт-” язуураас үүссэн үгс гэж болно. Тухайлбал, “хөтөвч” гэвэл бөгсөнд тавьж бие засах хэрэгсэл гэсэн утгыг илтгэх ба бүтцийн хувьд “хуруувч, мөрөвч, тохойвч” зэрэг үгсийн адил “-вч” дагавартай үг болж байна. “Хөтлөх” гэвэл “араасаа дагуулан явах” гэсэн утгатай бөгөөд “хөт” язгуураас “-л” дагавраар үйл үг үүсгэсэн байна. Улмаар “хөтөл-” хэмээх үйл үгээс “хөтлөгч, хөтөлгөө, хөтөлбөр” гэсэн хүн, юмыг нэрлэсэн нэр үгс дам үүссэн байна. Мөн үйл үгийн хэв, байдлын “хөтлүүлэх, хөтлөлцөх” зэрэг хэлбэрийг идэвхтэй хэрэглэдэг байна.
Мөн “хөт-“ язгуураас “хөтөл” (хүн, амьтны бөгсний онь ац шиг жижиг даваа), хөтөч (зам зааж бусдыг араасаа дагуулан явах хүн буюу хүний ажил үйлийг илтгэх –ч дагавартай үг) зэрэг олон үгс үүссэн байна. Хэрэв эгшиг сэлгэсэн гэж үзвэл тухайн үгс монгол хэлний “годун < *годулсун” зэрэг үгстэй гарал нэг байж болох ажээ. Ийн үзвэл хударга < *худу-р-га (эмээлийг урагш гүйлгэхгүй гэж морины сүүлний угаар оруулан татах уяа) гэх үг мөн гарал нэг байж болох байна.
Орчин цагийн хасаг хэлэнд “хөтөч” гэхийг “көтэши, күтүши” гэж, “хударга” гэхийг “куйыскан” гэж хэлдэг байна.[10] Орчин цагийн түрэг хэлэнд “хударга” гэхийг “кускун” гэж хэлдэг байна.[11] Манж бичгийн хэлэнд монгол хэлний “хөтөл” гэхийг “мэйифэхэ”, “хөтлөх“ гэхийг “хүтүлэ-“, мөн “хөтөч” гэхийг бас “хүтүлэ” гэж хэлнэ.[12] Үүнээс үзвэл манж хэлэнд орсон зарим хэлбэр нь монгол хэлнээс орсон гэж болох байна. Эртний түрэг хэлэнд köt (зад, задняя часть) гэсэн язгуур тохиолдож байна.[13] Орчин цагийн солонгос, япон хэлэнд ийм хэлбэрийн үгс тохиолдохгүй бөгөөд ихэнхдээ англи хэлнээс зээлсэн үгс байдаг байна. Үүнээс үзвэл орчин цагийн монгол хэлэнд идэвхгүй болсон “хөт-“ хэлбэр эрт цагт алтайн овгийн хэлнүүдэд хүн, амьтны “ууц, нуруу, бөгс” утгатай идэвхтэй язгуур байсан байна. Иймд тухайн язгуурын утгыг тогтоох нь монгол хэлний олон үгийн гарлыг тогтоох боломж бүрдэж байна.
4. “Ховор, хомс (хомос)” хэмээх үгсийн утга, гарал. Энэ хоёр үг “элбэг бус, хүртээмж муу” гэсэн нэг утгатай байдаг. Иймд энэ хоёр үгийг авианы хувьслын ялгаа бүхий гарал нэг үгс гэж болно. Буриад монголчууд ховор гэхийг хомор гэж хэлдэг нь авианы сэлгэц бүхий нэг гаралтай үгс гэдэг.[14] Үүнээс үзвэл “ховор, хомс (хомос)” гэхэд уруулын “м, в” авиа нь “бич, мич”, “овог, омог” зэрэг үгсийн адил сэлгэсэн, хэлний “с, р” авиа нь “сонор, сонс- (сонос-)”, “хөлөр-, хөлс (хөлөс)” зэрэг үгсийн адил тус тус сэлгэсэн авианууд болж байна. Авианы хуулиар “м” авиа нь “б (в)”, түүнчлэн “н” гэсэн авиатай сэлгэх боломжтой байдаг. Учир нь “м” авиа “б (в)” авиатай уруулын авиа гэдгээрээ, “н” авиатай хамрын авиа гэдгээрээ бие биеэ нөхөж сэлгэдэг. Гэхдээ “б (в)” авиа “м” авиатай сэлгэх боловч “н” авиатай шууд сэлгэдэггүй. Учир нь “б (в)” авианд “н” авианы хамарших шинж байхгүй юм. Иймд “б (в)” авиа “м” авиатай сэлгэсэн тохиолдолд “н” авиатай, “н” авиа “м” авиатай сэлгэсэн тохиолдолд “б (в)” авиатай сэлгэж болно. Өөрөөр хэлбэл ийм дарааллаар авианы хувьсал явагдаж тухайн үгс гарлын хувьд холбогдох боломжтой байдаг. Түүнчлэн “хавар (хабур)” хэмээх үгийг “ховор, хомс” гэсэн үгстэй гарал нэг гэдэг. Хуучин үед хаврын улиралд идэх, уух юм ховор, хомс болдог байсан гэх утга, мөн эдгээр үгсийн авианы хувьсалтай холбон тайлбарлаж болно. “Ховдог, хомхой, хоосон” гэсэн үгсийг ч гарал нэгтэй гэж болох ба бидний ажигласнаар зарим түрэг хэлнүүдэд “хобыр” гэсэн хэлбэр тохиолдож байгаа юм.[15]
5. “Үнэр, үнэсэх, хүнс (хүнэс)” хэмээх үгсийн утга, гарал. Эдгээр үгс нэг гаралтай болох нь дараах шалтгаанаар тайлбарлагддаг. Эртний монгол хэлэнд одоогийн эгшгээр эхэлсэн “үнэр, үнэсэх, үхэр, одон” зэрэг олон үгийг “күнэр, күнэсүкү, күкэр, ходун” гэж хоолойн “к, х” авиагаар эхлэн хэлж байсан нь монгол хэлний бичгийн дурсгал, нутгийн аялгуу, айлтайн овгийн хэлнүүдийн жишээ баримтаар нотлогддог. Үүнийг алтай судлалд “п~ф~б” авиаг “х” авиа болох, “х” авиаг “хоосон”-д шилжих хууль буюу болзмол тэмдгээр *p~f~b>x>o –ийн хууль гэдэг.[16] Авианы ийм хувьсал зөвхөн алтайн язгуурын элэнд бус дэлхийн олон хэлэнд байдаг байна.
Иймд хамарт мэдрэгдэх мэдрэмжийн утга илэрхийлэх “үнэр, үнэсэх” гэдэг үгсийг мөн “х” авиагаар эхлэн хэлж байсан үгс гэж болох ба “хүнс” гэвэл “хамраараа үнэрлэн мэдэрч идэх юм” гэсэн утгатай тул эдгээр үгс нэг гаралтай болж байна. Монгол хүн хуучин цагт “үнэсэх” гэвэл уруулаараа бус хамраа хүргэн үнэрлэж элгэмсдэг байв. Одоо ч гэсэн монголчууд хүүхэд багачуудын духанд хамраа хүргэн үнэрлэж элгэмсдэг. Үүнийг монголчуудын мал аж ахуй эрхэлж ирсэн соёлтой холбон ойлгож болно. Тухайн хоёр үгийн “р, с” авиа нь өмнө өгүүлсэн “ховор, хомс” гэдэг үгсийн адил сэлгэж утга салаалан үг бүтээсэн байна. “Үнэг” гэвэл үнэрлэн шиншиж гүйх амьтан гэсэн утга илтгэж байна. Түүнчлэн “үнэ, үнэн” гэдэг үгс тухайн үгстэй гарал нэг байж болох ба эрт цагт “үнэр” нь “үнэн” гэсний нотлол болж байсан байж болох юм. Учир нь амьтад үр төлөө үнэрээр нь “үнэн” гэж ялган таньж байдаг ба үүний цаана монголчуудын танин мэдэхүйн сэтгэлгээ нуугдаж байх магадлал бий.
6. “Хярам, хямар-” хэмээх үгсийн утга, гарал. Энэ хоёр үгийг орчин цагийн монгол хэлэнд өөрөөр бичиж, нэг нь нэр үг нөгөө нь үйл үг боловч гарал нэг үгс гэдэг.[17] Учир нь“хярам” гэх ундааны зүйлийг монголчууд бэлтгэхдээ ус буцалган сүүлж “хямарч” хутгах ба түүнийгээ “хямар” гэж нэрлэдэг байсан байна. Гэтэл орчин цагийн монгол хэлний халх аялгуунд “хярам” гэж хэлэн шинэ үсгээр ийн бичих болсон нь үе тонгорсонтой холбоотой байна. Учир нь монгол бичгийн хэлэнд “кимар(-а)” гэж бичих ба мөн ойрдын нутгийн аялгуунуудад одоо ч гэсэн “кимир, кимар”[18] гэж хэлж, халимаг монголчуудын бичгийн хэлэнд “кимр”[19] гэж бичиж байгаа нь үүнийг нотлох жишээ болно. Орчин цагийн монгол хэлэнд “цас хямрах, бие, сэтгэл хямрах” гэвэл “юмны үймж хутгах” гэсэн утга илтгэдэг. Мөн “хямрах” язгуураас “хямралдах, хямралдаан, хямрал” зэрэг олон үг үүссэн байна. Түүнчлэн “хярам” язгуураас “хярамлах, хярамцаг” зэрэг үгс үүссэн байна.
Монголчуудын гүүний айргийг нэрлэдэг “цэгээ ( < чэгэ < *чигэ)” гэдэг үгийг эртний түрэг хэлэнд qïmïz[20], орчин цагийн түрэг хэлэнд kımız[21], орчин цагийн хасаг хэлэнд кымыз[22], түүнчлэн түрэг хэлүүдээс орсон европын олон хэлэнд, тухайлбал, мажар хэлэнд kumisz, орос хэлэнд кумыс, англи хэлэнд koumiss гэж хэлж буйг монгол хэлний “хярам < кимар” гэдэг үгтэй гарал нэг гэж болно. Учир нь түрэг хэлнүүдэд үе тонгороогүй хэлбэр буйгаас гадна монгол, түрэг хоёр бүлгийн хэлнүүдийн “р ба з” авианы тохироо гэрчилж байна. Эрдэмтэд ийм үгсийн “r” авиатай хэлбэрийг монгол хэлний буюу уугал хэлбэр, “z” авиатай хэлбэрийг түрэг хэлний буюу хожим үүссэн хэлбэр гэж үздэгтэй холбоотой юм.
Үүнээс үзвэл монгол хэлтнүүд буцалсан усыг сүүгээр хямарч хутган бэлтгэх ундааг “хямар” гэж хэлдэг бол түрэг хэлтнүүд гүүний сүүгээ хямарч исгэж бэлтгэх ундааг “хямар” гэх болсон байна. Орчин цагийн монгол хэлний ойрдын болон өвөрлөгчийн олон аялгуунд гүний айргийг “чигээ (цэгээ)” гэж хэлж байгаа боловч, шинэ бичгийн хэлэнд “гүүний айраг, үхрийн (үнээний) айраг” гэж хэлэх болсон байна. Түрэг хэлтнүүд “айран” гэвэл “тараг” гэсэн утгаар хэлнэ. Монгол хэлний “г” гийгүүлэгчээр төгссөн үгийг манж, түрэг хэлнүүдэд “н” гийгүүлэгчээр хэлэх тохиолдол байдаг. Энэ үед тухайн хэлнүүдийн “г” ба “н” гийгүүлэгч салаалж тохирч байна.
Үүнээс үзвэл “хярам, хямар(ах)” гэх хоёр үг нэг гаралтай, түүнээс олон үгс үүссэнийг бид танин мэдэж болох ба түүнчлэн монгол бичгийн хэл, монгол хэлний нутгийн аялгуу, мөн түрэг болон европын хэлнүүдийн баримтаас үзвэл “хярам”, “кымыз” гэдэг үгсийн эртний хэлбэр нь “кымура” болж байна.
7. “Битүү, бүтэх” хэмээх үгсийн утга, гарал. Энэ хоёр үгийг орчин цагийн шинэ бичгийн хэлэнд өөр өөрөөр бичдэг боловч гарал нэг үгс гэдгийг тэдгээрийн утга, монгол бичгийн хэл, нутгийн аялгуунуудын баримтаас мэдэж болно. Учир нь энэ хоёр үг “зай завсаргүй дүүрэн болох” гэсэн ерөнхий нэг утга илтгэдэг. Хэд хэдэн үгэнд давтагдах ийм ерөнхий нэг утгыг үгийн цөм утга гэнэ. Цөм утгын шинжийг хадгалавч утга шилжих замаар үүсч буй утгыг үгийн салаа утга гэнэ. Иймд үгийн цөм болон салаа утгын холбоо (уялдаа) нь үгийн гарлыг тогтооход чухал баримт болж байгаа юм. Жишээ нь, “битүү цас” гэвэл “газрын гадаргыг зай завсаргүй дүүрсэн цас”, “битүү сахал” гэвэл “хацар нүүрийг зай завсаргүй дүүрсэн сахал”, “битүү үг” гэвэл “зай завсар орж ойлгомгүй үг”, “битүүний орой” гэвэл “сар бүрэн дүүрсэн орой” гэсэн ерөнхий нэг утгыг илтгэж байна. Мөн “хамар битүүрэх” гэвэл “хамар агаар оруулах зай завсаргүй болж ханиад хүрэх” гэсэн утгыг илтгэдэг. “Ажил бүтэх” гэвэл “ажил зай завсаргүй бүрэн дуусах”, “шарх бүтэх” гэвэл “шарх зай завсаргүй бүрэн аних” гэсэн утгыг илтгэж байна.
Гэтэл орчин цагийн монгол хэлэнд энэ хоёр үгийн нэг нь тэргүүн үедээ “и” эгшигтэй, нэг нь “ү” эгшигтэй бичдэг болсон шалтгаан нь тэргүүн үеийн “и” эгшиг дараа үеийн “ү” эгшигт ижилссэн, ижилсээгүйтэй холбоотой байдаг. Иймд монгол бичигт энэ хоёр үгийг тэргүүн үед нь “и” эгшигтэй бичиж буй нь тухайн хоёр үгийн гарал нэгтэйгий нь нотлох ба ойрд, буриад зэрэг аялгуунуудад “бүтүү, бүтэх” гэж хэлдэг нь “и” эгшиг ижилссэнийг харуулж байна. Авианы хэлэгдэх байрлалаас үүдэж тэргүүн үеийн “и” эгшиг нь дараа үеийн эгшигт ийн ижилсэх хувьслыг монголын судлалд “и эгшгийн нугарал” гэх ба зуугаад жилийн өмнө эрдэмтэд энэ тухай өгүүлсэн байдаг.[23] Ойрдын нутгийн аялгуунууд монгол бичгийн хэлний адил “жиргал, чидал, шинага” гэж хэлдэг нь “и” эгшиг ижилсээгүйг, халх аялгуунд “мянга, хяруу” гэж, буриадын нутгийн аялгуунуудад “мяхан, нютаг, нюур” гэж хэлдэг нь “и” эгшиг заримдаг ижилснийг харуулах жишээ юм.
Орчин цагийн хасаг зэрэг түрэг хэлнүүдэд монгол хэлний “битүү” гэхийг “битеү” гэж, “бүтэх” гэхийг “битү” гэж буй нь халх аялгуутай төстэй хэлж байна.[24] Энэ хоёр үгээс үүссэн идэвхтэй үгс түрэг хэлнүүдэд цөөн байна. Манж бичгийн хэлэнд монгол хэлний “битүү” гэхийг “бүтү” гэж, ”бүтээх” гэхийг “мүтэбүрэ” гэж буй нь ойрд, буриад аялгуутай адил байна.[25] Түрэг хэлнүүдэд монгол хэлний “и” эгшгийн нугарал үүсээгүй хэлбэр, манж хэлэнд “и” эгшгийн нугарал үүссэн хэлбэр байна. Үүнээс үзвэл “битүү, бүтэх” хэмээх хоёр үг гарал нэг үгс болох ба энэ хоёр үгээс олон үг монгол хэлэнд үүссэн байна. Энэ нь тухайн үгсийн гарлыг танин мэдэхэд ач холбогдолтой байгаа юм. Жишээ нь: битүүлэх, битүүлэг, битүүдэх, битүүлэх, битүүрэх, битүүхэн, бүтвэр, бүтэл, бүтэмж, бүтэн, бүтэц, бүтээх, бүтээвэр, бүтээц, бүтээгдэх, бүтээгдэхүүн, бүтээл, бүтээлэг, бүтээмж гэх мэт.
8. “Илүү, үлэмж” хэмээх үгсийн утга, гарал. Энэ хоёр үг “юмны хэвийн хэмжээнээс хэтэрсэн байдал, том” гэсэн утгатай тул нэг цөм утгатай үгс болж байна. Ойрдын нутгийн аялгуунуудад “юм үлэх” гэвэл хэмжээнээс хэтрэн гарсан гэсэн утгатай байдаг. Бичгийн хэлэнд “юм үлдэх (үлэдэхү)” гэвэл хэрэглэсэн хэмжээнээс хэтрэн гарах, “хүн үлдэх” гэвэл явахгүй хоцрох хэмээх эсрэг утгатай мэт боловч үнэндээ хүний тоо илүүдэн хоцрох гэсэн утгатай байдаг. Иймд “үлэх, үлдэх” гэдэг хоёр үгийг нэг гаралтай гэж болно.
“Үлэмж” гэвэл “хэмжээнээс хэтэрсэн том” гэсэн утгатай тул “хураамж, үзэмж” гэсэн үгсийн адил үйл үгээс нэр үг бүтээх “-мж” дагавартай үг болж байна. Иймд “илүү” гэвэл үйл язгуурт тэмдэг нэр бүтээх “үү <*гүү” дагавар залгаж “битүү, явцуу” гэсэн үгсийн адил үг бүтээсэн байна. Ойрд болон буриад монголчууд “үлүү” гэж хэлдэг нь “и” эгшгийн нугарал болсон тохиолдол болох ба халх монголчууд “илүү” гэж хэлж буй нь “битүү” гэдэг үгийн адил “и” эгшгийн нугарал болоогүй тохиолдол болж байна. Нөгөө талаар энэ хоёр үг угаасаа үл- язгууртай байсан байж болох юм.
Манж бичгийн хэлэнд “илүү” гэдэг үгийг “фүлү” гэж хэлдэг нь тухайн хэлэнд “и” эгшгийн нугарал болсон хэлбэр буйгаас гадна алтайн овог хэлнүүдэд энэ үгийг эрт цагт “п” гийгүүлэгчээр эхлэн хэлж байсны жишээ болно. Өөрөөр хэлбэл авианы *p~f~b>x>o хуультай холбогдож байна. Зарим түрэг хэлнүүдэд “том, их” гэсэн утгыг “үлкен” гэж хэлдэг байна. Тухайн үгийн утга, авианы хувьслаар үгийн гарлыг тогтоох төдийгүй хэл, аялгуунуудын холбоо, салсан он цаг зэргийг мэдэх боломж байх тул бид “и” эгшгийн нугарлын жишээгээр монгол хэл, аялгууны болон алтайн овгийн хэлнүүдийн холбоо, салсан он цаг, түүнчлэн монгол бичгийн хэл аль аялгуундаа суурилсан зэргийг таамаглаж болно.
Монгол хэлний “үлэг гүрвэл” гэдэг үгийн “үлэг” нь их багын “том гүрвэл”, тэнгэрийн “луу (лонг) гүрвэл”, эд өлгийн “өлгө гүрвэл” гэдгийн аль утгаар нь ойлгох вэ гэдэг нь бичгийн дурсгал, нутгийн аялгуунуудын баримт, монгол хэл, аялгуутай холбоотой байсан бусад хэлнүүдтэй харьцуулсан судалгааг улам нарийвчлан хийж байж тогтоох боломжтой байгаа юм.
9. Дүгнэлт. Энэ бүхнээс үзвэл монгол хэлний үгийн гарлыг хэлбэр утгын талаас олон монгол хэл, аялгуу болон алтай овгийн хэлнүүдийн жишээ баримттай харьцуулан судлах нь ихээхэн ач холбогдолтой байгаа юм. Үүнийг өмнө өгүүлсэн “хот”, “хөтөвч, хөтөл, хөтөлбөр”, “ховор, хомс (хомос)”, “үнэр, үнэсэх, хүнс (хүнэс)”, “хярам, хямар-“, “битүү, бүтэх”, “илүү, үлэмж” зэрэг үгсийн судалгаа харуулж байна. Тухайлбал “илүү, үлэмж” гэсэн хоёр үгийн нэг гаралтай болохыг энэ хоёр үгийн цөм утга, “и” эгшгийн нугарлын хууль, үг бүтэх ёс батлан харуулж байна. Монгол хэл, аялгуу болон алтайн овгийн хэлнүүдийн жишээ ч нотолж байна.
НОМ ЗОХИОЛ
- [Бадамдорж 2006] –Д.Бадамдорж. Монгол хэлний үгийн сангийн утгазүй. Уб., 2006. 324 тал.
- [Базаррагчаа 1997] –М.Базаррагчаа. Монгол хэлний үгийн гарлыг мөшгөх нь. I-V боть. Уб., 1995. 3-5-р дэвтэр 23+711 тал.
- [Базылхан 1977] –Б.Базылхан. Казах-монгол толь. Уб., 1977. 392 тал.
- [Базылхан 1987] –Б.Базылхан. Монгол-казах толь. Уб., 1987. 885 тал.
- [Баярсайхан 1997] –М.Баярсайхан, Т.Отгонтуул. Монгол-манж толь. Уб., 1997. 599 тал. Редактор. Г.Буянтогтох
- [Бертагаев 1979] –Т.А.Бертагаев. Внутренная реконструкция и этимология слов в алтайских языках. –“Проблемы общности алтайских языков. Л., 1979. 90-109
- [Владимирцов 1929] –Б.Я.Владимирцов. Сравнительная грамматика монгольского письменного языка и халхаского наречия. –Л., 1929. 401 с.
- [Гантогтох 2011] –Г.Гантогтох. Буриад аялгууны толь. Уб., 2010 (2011). 720 тал.
- [Глускина 1950] –Русско-Японский словарь. Составители А.Е.Глускина и С.Ф.Зарубин. М.,1950. 1000 с.
- [Древнетюркский словарь 1971]. –Лг., 1969. 317. 676 с.
- [Дэлгэрмаа 2001] –Дэлгэрмаа. Монгол хэлний утга судлал. Леонингийн үндэсний хэвлэлийн хороо. 2001.
- [Кара 1998] –Kara Cyörgy. Mongol-Madyar Szotar. Terebess Kiady. 1998.
- [Кузьменков 1988] –Е.А. Кузьменков. К этимологии слов типа бурятского хомор // монгольского ховор. –“Лексикологические исследования монгольских языков. Улан-Удэ. 1988. 113-124
- [Лувсанвандан 1975] –Ш.Лувсанвандан. Эртний монгол хэлний үгийн эхний тэсрэх, уруулын, чанга “п” гийгүүлэгч ба түүний цаашид хэрхэн хувирсан нь. –“Хэл зохиол”. 11-р боть. Уб., 1975. 4-9
- [Лувсанжав 1968] –Чой.Лувсанжав, Цэ.Шархүү. Манж монгол толь бичиг. Уб., 1968.
- [Мижиддорж 1976] –Го.Мижиддорж. Манж – монгол бичгийн хэлний харьцаа. Уб., 1976.
- [Нансалмаа 2005] –Н.Нансалмаа. Үгийн сан судлал. Уб., 2005.
- [Пак Чон Сика 1954] –Русско-Корейский словарь. Под редакцией Пак Чон Сика. М., 1954. 1049 с.
- [Поппе 1965] –Nicollas Poppe. Introduction to Altaic Languistics. /= UAB. 14/, Wiesbaden. 1965. XIII + 212 pp. /= Н.Поппе. Алтай хэл шинжлэлийн удиртгал. Орчуулсан В.Энхболд, Л.Жумдаан. Уб., 1999. 274 тал./
- [Рамстедт 1908] –Г.И.Рамстедт. Сравнительная фонетика монгольского фисьменного языка и халхаско-ургинского говора, СПб., 1908, 65 с.
- [Рамстедт 1908] –Г.И.Рамстедт. Сравнительная фонетика монгольского письменного языка и халхаско-ургинского говора. СПб., 1908. 65 с.
- [Рамстедт 1908] –Г.И.Рамстедт. Введение в алтайское языкознание. Морфология. М., 1957. 199 с.
- [Самбуудорж 2012] –О.Самбуудорж. Монгол хэлний зарим үг хэллэгийн утга гарал. -“Эрдэм” сонин. 2012. №.3.
- [Самбуудорж 2011] –О.Самбуудорж. Монгол-Япон хэлний холбооны асуудалд. –“Монголын Алтай судлал”. VIII. Уб., 2011. 263-277. –“Соёл-Эрдэм Дээд сургууль. ЭШБ” Уб., 1999. II. 141-158
- [Самбуудорж 2006] –О.Самбуудорж. Монгол хэлний үгийн бүтэц, гарлыг парадигм харьцааны аргаар судлах асуудалд. –“Монгол хэл шинжлэл”. Боть Х (XXXII). Уб., 2006. 74-80
- [Самбуудорж 2002] –О.Самбуудорж. Монгол хэлний ойрд аялгууны фонемийн тогтолцоо. Уб., 2002. 171 тал.
- [Самбуудорж 2002] –О.Самбуудорж. Монголын газар усны нэр. -Хөвсгөл, Завхан, Говь-Алтай аймаг. –“Соогэн жюкү”. (Япон хэлээр). Д.Төмөрбаатарын хамт. Токио. №9. 2002. №9. 49-67
- [Самбуудорж 2001] –О.Самбуудорж. Монголын газар усны нэр. Баян-Өлгий, Ховд, Увс аймаг. -“Соогэн жюкү”. (Япон хэлээр). Д.Төмөрбаатарын хамт. Токио. 2001. №8. 63 – 77
- [Самбуудорж 2001] –О.Самбуудорж. Монгол - манж хэлний дундын үгийн авиа утгын зарим онцлог. –“Алтай судлал”. Уб., 2001. №1. 142-149
- [Самбуудорж 1996] –О.Самбуудорж. Манж хэлэнд авианы сэлгэцээр үгийн утга ялгасан жишээнүүд. -“Монгол хэл шинжлэл”. Боть II (XXIV). Уб. 1996. 120-126
- [Самбуудорж 1994] –О.Самбуудорж. Монгол хэл аялгуу болон алтай овгийн хэлний “ebur” хэмээх үгийн авиа, утгазүйн хувьсал. –“Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээ” №3. Сөүл. 1994. 231-239
- [Самбуудорж 1994] –О.Самбуудорж. Орчин цагийн монгол хэлний зарим хэллэгийн утга үүслийг “МНТ”-ноос тодруулах нь. –“Монгол хэл бичиг”. Хөххот. 1994. 33-39, –“МНТ-ны Олон улсын бага хурлын илтгэлийн хураангуй” Уб., 1990. 73-74.
- [Самбуудорж 1992] –О.Самбуудорж. Монгол хэлний -musun(-műsűn) дагавартай хэдэн үгийн язгуурын болон дагаврын утга гарлын тухайд. –“ШУА-ийн Мэдээ”. Уб., 1992. №1. 76-78
- [Санжеев 1930] –Г.Д.Санжеев. Маньжуро-монгольские языковые параллели. –ИАН СССР. 9, 1930. 673-708
- [Сэцэнцогт 1987] –Сэцэнцогт. Монгол үгсийн язгуурын толь. Хөххот. 1987. 2973 тал.
- [Төмөртогоо 1990] –Д.Төмөртогоо. Монгол хэлний түүхэн хэлзүйн үндэс. 1. Монгол хэлний түүхэн авианзүй. Уб., 1992. 215 тал.
- [Төмөртогоо 2008] –Д.Төмөртогоо. Монгол хэлний биеийн төлөөний нэрийн гарал, бүтэц, тогтолцоо. Уб., 2008. 185 тал.
- [Төмөртогоо 2011] –Д.Төмөртогоо. Монгол хэлний бичигийн дурасхалуудын үгийн бүтэцийн харьцуулсан судалгаа. Уб., 2011. 221 тал.
- [Түвшинтөгс 2009] –Д.Түвшинтөгс. Историко-сопоставительный анализ глагольной лексики в монгольском и маньжчурском языках. Улан-Батор. 2009. 168 с.
- [Түрэг хэл 1988]. –Türkҫe sözlük (Түрэг хэлний толь). Ankara. 1998. I боть 755 тал. II боть 756-1679 тал.
- [Хашимото 1997] –М.Хашимото. Монголын нууц товчооны монгол хэлний судалгаа. Уб., 2001. 110 тал
- [Цинциус 1949] –В.И.Цинциус. Сравнительная фонетика тунгусо-маньчжурских языков. Л., 1949.
- [Цолоо 1987] –Ж.Цолоо. БНМАУ дахь монгол хэлний нутгийн аялгууны толь бичиг. Ойрд аялгуу. 2-р боть. Уб., 1988. 943 тал.
- [Цэвэл 1966], –Я.Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь. Уб., 1966. 911 тал. Редактор. Х.Лувсанбалдан.
- [Шиотани 2004] –Ш.Шиотани. Монгол хэлний үгзүй ба үгсийн сангийн судлал. Уб., 2004.
Abstract
The author focuses in this paper the origin of the following words on the methods of phonetic laws and semantic relations: “хот (cattle place, farm or camp of gers, city)”, “хөтөвч (bedpan), хөтөл (low mountain-pass, groom), хөтлөх (to lead, to drive), хөтөлбөр (programme)”, “ховор (rare), хомс (хомос) (little, rare)”, “үнэр (smell), үнэсэх (to kiss), хүнс (хүнэс) (food)”, “хярам (mixed drinking of milk to boiled water), хямар- (bustle, to be upset, distemper, conflict, for the weather to be bad, for stomach to ache)”, “битүү (firmly, closed, shut or covered), бүтэх (to be made up of), бүтэл (success), бүтэн (whole)”, “илүү (more), үлэмж (great, mach)”. For example, the author proved the origin of these two words “илүү, үлэмж” on the facts of phonetic alternation, word formation and semantic communication. And the author also proved that they have same origin with the facts of dialects of Mongolian languages and Altaic languages.
[1]Ж.Цолоо. БНМАУ дахь монгол хэлний нутгийн аялгууны толь бичиг. Ойрд аялгуу. 2-р боть. Уб., 1988. 440-р талд.
[2]Г.Гантогтох. Буриад аялгууны толь. Уб., 2010 (2011). 542-р талд.
[3] Ж.Цолоо. Мөн номын 444-р талд.
[4]Б.Базылхан. Монгол-казах толь. Уб., 1987. 593-594-р талд.
[5]Чой.Лувсанжав, Цэ.Шархүү. Манж монгол толь бичиг. Уб., 1968.
[6] Nicollas Poppe. Introduction to Altaic Languistics. /= UAB. 14/, Wiesbaden. 1965. XIII + 212 pp.
[7] Kara György. Mongol – Madyar szotar. Terebess Kiady. 1998.
[8]Б.Ринчен. Монгол бичгийн хэл зүй. Дэд дэвтэр. Авиан зүй. Уб., 1966. 147-148-р талд, М.Хашимото. Монгол хэлнүүд дэх “идэх” гэсэн утгатай язгуур бүтээврийн тухай. –“Монголын нууц товчооны монгол хэлний судалгаа”. Уб., 2001. 36-37
[9]Русско-Корейский словарь. Под редакцией Пак Чон Сика. М., 1954.
[10]Б.Базылхан. Казах-монгол толь. Уб., 1977.
[11]Türkҫe sözlük (Түрэг хэлний толь). Ankara. 1998. I.II. 936-р талд
[12]М.Баярсайхан, Т.Отгонтуул. Монгол-манж толь. Уб., 1997.
[13]Древнетюркский словарь. Лг., 1969. 319-р талд.
[14]Е.А.Кузьменков. К этимологии слов типа бурятского хомор // монгольского ховор. –“Лексикологические исследования монгольских языков. Улан-Удэ. 1988. 113-124
[15]Б.Базылхан. Монгол-казах толь. Уб., 1987. 585-р талд.
[16]Nicollas Poppe. Introduction to Altaic Languistics. /= UAB. 14/, Wiesbaden. 1965. XIII + 212 pp. Ш.Лувсан-вандан. Эртний монгол хэлний үгийн эхний тэсрэх, уруулын, чанга “п” гийгүүлэгч ба түүний цаашид хэрхэн хувирсан нь. –“Хэл зохил”. 11-р боть. Уб., 1975. 4-9
[17]М.Хашимото. Монгол хэлний зарим үгийн гарал. –“Монголын нууц товчооны монгол хэлний судалгаа”. Уб., 2001. 28-р талд.
[18]Ж.Цолоо. БНМАУ дахь монгол хэлний нутгийн аялгууны толь бичиг. Ойрд аялгуу. 2-р боть. Уб., 1988. 551-р талд
[19] Э.Ч.Бардаев нар. Хальмг-орс толь. Элиста. 2004. 416-р талд.
[20]Древнетюркский словарь. Лг., 1969. 444-р талд.
[21]Türkҫe sözlük (Түрэг хэлний толь). Ankara. 1998. I.II. 851-р талд
[22]Б.Базылхан. Монгол-казах толь. 27-р талд.
[23]Г.И.Рамстедт. Сравнительная фонетика монгольского письменного языка и халхаско-ургинского говора. СПб., 1908. 51-р талд
[24] Б.Базылхан. Казах-монгол толь. Уб., 1977.
[25]М.Баярсайхан, Т.Отгонтуул. Монгол-манж толь. Уб., 1997.
No comments:
Post a Comment