2015-03-18

Залуу эзэгтэй нарт зөвлөх нь

ИДЭЭНИЙ ДЭЭЖ-МОНГОЛ ЦАЙ

Монгол цай нь сүүтэй цай ба хар цай гэсэн үндсэн хоёр ангилалд хуваагдах боловч  орц найрлага,  хийх аргаар нь ердийн цай, хийцтэй цай, тостой цай, аяганы хийцтэй буюу махны орцтой цай, эмийн өвс, ургамлын цай, эмчилгээний цай гэхчилэн хэд хэдэн бүлэгт ангилан үзэж болно. Хэдийгээр монгол түмэн цай хэмээх энэ гайхамшигт ундааг нийтлэг хэрэглэдэг ч бас ястан үндэстэн, газар газрын онцлог ялгаа бий.  Тухайлбал, Өмнөговь аймагт цагаан будаагаар хийцэлж дотор нь тэмээний махан борц хийж чанасан цай уудаг бол Дундговийнхон цайгаа буцалмагц шаарыг нь шүүж сүлээд дахин буцалгаж үүндээ нимгэн зүссэн мах, хонины сүүл хийж уух дуртай аж. Харин Ховд нутгийнхан цай чанахдаа эхлээд тогоогоо тосолж халаасны дараа сүүгээ хийж цайны идээ нэмж зөөлөн галаар буцалгасны дараа ус нэмж хужир, давс, тосоор амт тохируулан олон дахин самарч буцалгадаг. Тэд ингэж хийсэн аагтай шаргал цайндаа боорцог хийж ууж заншжээ.  Харин Архангай нутгийнхан цайгаа чанаж бэлэн болгоод тосонд хуурсан мэхээрээр хийцэлж амт тохируулан уудаг. Үүнийг мэхээртэй цай гэнэ. Манай орны дорнод хэсэгт амьдардаг ардууд хэрлэн цай гэж нэрлэдэг нэгэн цай хийж уудаг.. Үүнийг ердийн сүүтэй цай чанаж шүүгээд дотор нь хэрчсэн мах, сүүл хийж дахин буцалгаж хийнэ. Харин Төв аймагт цайг гол төлөв хийцэлж уудаг. Ингэхдээ хонины сэмж, сүүлийг хайлуулж шар будаагаар хийцэлсэн цайндаа цагаан тос, ээзгий, хорхой ааруул дэвтээж уух дуртай аж. Түүнчлэн шар будаагаар хийцэлж дотор нь хонины нэг үе сүүл, дунд чөмөгний таллаж ташсан яс хийгээд зөөлөн галаар буцалгаж хийсэн цай алжаал ядаргаа тайлдаг хэмээн энэ нутгийн хөгшчүүл хуучилдаг.





МОНГОЛ ЦАЙНЫ ХОЛЬЦ

Монголчууд цайг ихэвчлэн малын сүүгээр сүлж зарим нутагт шар тос, хужир, давс нэмж,  аль болох тосорхог, тэжээллэг хийдгээрээ бусад үндэстний хэрэглэдэг цайны төрлөөс өвөрмөц ялгаатай бөгөөд ингэж чанасан цай зөвхөн ундааны төдийгүй хоолны үүрэг гүйцэтгэх тал ч бий. Монгол цайны түгээмэл хольц нь: 
  • Сүү, ус
  • Цайны хатаасан ургамал, цайны навч 
  • Өрөм, шар, цагаан тос, айргийн тос, түүхий сүүний цөцгий зэрэг цагаан идээ, тосны зүйл
  • Сүүлний өөх, борц, бог малын хатааж хуршаасан хавирга, эсвэл гургалдай, хонины хуйхалж хярвасласан годон сүүл, эсвэл шийр, борви тойгны яс,  чөмөг, хонины толгойн яс, 
  • Давс, хужир
  • Шар, цагаан будаа, чангаамал, хуурай гурил, арвайн гурил
  • Цулхир, мэхээр, загасгал, цагаан гаа, гоньд, нохойн хошуу, сөд, өрөл, улаагана, бударгана, боролзгоно зэрэг ургамал
  • Аяганы хийц, чимхсэн банш, чанаж хөшиглөсөн мах, өвчүү, сүүл, элдэж тасалсан гурил, шар тосонд хуурсан гурил

ЦАЙ ЧАНАХ, ЦАЙЛАХ ЁС

  • Монголчуудын цай чанах арга  нь дэлхийн  бусад улсаас ялгаатай бөгөөд буцалж байгаа усанд цайны ургамлаа хийж буцалгаж идээшүүлээд дээр нь сүү болон бусад орцыг  нэмж чанасны  дараа хэд хэдэн удаа  самарч цай болон сүүгээ задалж аагшуулж өгдөг. Хичнээн олон самрах тутам  цай төдий чинээ  амттай болно.
  • Цайгаа чанаж гүйцмэгц данханд, эсвэл халуун савандаа хийсний дараа аягална.
  • Цай аягалахдаа данхны цорго болон халуун савны амыг үүд рүү харуулахгүй, нар зөв эргүүлэгтэй аягална. 
  • Хэрэв цайныхаа дээжийг тэнгэр бурхандаа өргөдөг заншилтай бол эхлээд  дээжийг нь авч өргөл өргөсний дараа бурхандаа тавьдаг. Ер нь өглөө чанасан эхний цайны дээжийг гадагш гарч тэнгэр хангайдаа өргөдөг уламжлалтай.  Дээж өргөхдөө толгой нүцгэн байхыг цээрлэх ёс бий.
  • Цайны дээжээ өргөсний дараа гэрийн эзэнд цайгаа эхэлж аягалж барьдаг. Дараа нь зочиддоо насны эрэмбээр аягалж барина. 
  • Цайгаар дайлахдаа баруун гараар аягатай цайгаа барьж зүүн гараар баруун гарын тохойг дэмжин хүндэтгэлтэй барих эсвэл хоёр гараар аягатай цайг барих нарийн журам бий.  Түүнчлэн ханцуйгаа шумалсан бол буулгаж байж хүнд цай барих, аяганы амсар дээр хуруугаараа давуулахгүй барих,  үс гэзгийг шүлжиж эсвэл тууз, алчуураар боодог уламжлалтай байжээ.
  • Ирсэн зочиндоо  асуулгүй хамгийн түрүүнд цай аягалж барьдаг ёс бол монголчуудын уламжлалт  сайхан заншил,  зочломтгой зангийн илэрхийлэл юм.  “Асуухаар асга” гэсэн үг бий. Харин  ирсэн зочноо  цайгаар дайлаагүй айлыг  “Цай ч үгүй, царай ч үгүй” айл гэж ярьдаг нь  дээрх монгол уламжлал, зан заншилтай холбоотой.



ЦАЙТАЙ ХОЛБООТОЙ ЦЭЭРИЙН ЁС
  • Айлд ороод эздээс өргөн барьсан идээ, цайнаас амсахгүй гарах
  • Амсар нь эмтэрхий аяганд цай унд хийж алив хүнд барих
  • Аяга шаазангаа хөмөрч тавих
  • Аяга шаазанд цай унд аягалан хүнд барихдаа амсрыг нь хуруугаараа дарах
  • Аяга шаазанг амсраас нь чимхэж барих
  • Аяга шаазан харшуулан дуугаргах
  • Аяга шаазантай цайг гэр дотроос үүдээр гадагш цацах
  • Аяга шаазангийн ёроолд үлдсэн идэх, уух юмыг аяганаас нь шууд асгах
  • Аягандаа шавхруу үлдээх
  • Аяганд цай хийхдээ бялхаах
  • Зочинд хоол цай аягалахдаа асгаж цутгах
  • Зочинд ар талаас нь тавгийн идээ, цай, зоог барих
  • Сүүтэй цайнд мах хөшиглөж идэх
  • Хусам дээр цай хийж уух
  • Хярам хийхдээ сүүн дээр ус эхлэн хийх
  • Цай нүдэхдээ тоолох
  • Цай хоол аягалах, барихдаа ганц гараар өгөх, авах
  • Цай хоол аягалах, таваглахдаа ханцуй шамлах, хормой шуух
  • Цай хоол аягалахдаа халбага, шанаганы амсрыг буруу тийш гадагш хандуулах

ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ЦАЙНЫ ЖОРУУД

Ингээд эзэгтэй танд монголчуудын  цай хийх уламжлалт зарим аргын талаар зөвлөе. 




Халхын борцтой цай
Хар цай чанаж дараа нь сүлээд дахин буцалгана. Ингээд цайгаа өөр саванд шүүж юүлээд тогоог сайтар цэвэрлэж халаана. Шар буюу цагаан будааг сүүлний өөхтэй хамт тогоонд хийж хуураад дээрээс нь шүүсэн цайгаа хийнэ. Үүн дээрээ нимгэн хөшиглөсөн сүүл, годгор борц, бог малын хатааж хуршаасан хавирга, эсвэл гургалдай нэмж хужир, давсаар амт тохируулан нэг удаа оргитол буцална. Энэ цайг аягалахдаа будаагаа шүүж аяганд хийгээд хэрчим сүүл, зүсэм хавирга дээр нь хөндөлдүүлж цай дүүргээд цагаан тос нэмнэ. Ийм цайг төв халхынхан өргөн хэрэглэж заншжээ.

Дөрвөд цай
Ширмэн тогоо, эсвэл саванд  усаа буцалгаж идээ нэмээд үргэлжлүүлэн буцалгаж идээшлүүлнэ. Дараа нь сүүгээр сүлж буулт     буулт (энэ нутагт цайны хужрыг ийнхүү нэрлэдэг) шар тос  нэмээд тосоо задарч уустал олон удаа самарч буцалгана. Ийм цай ядаргаа тайлахад сайн гэж нутгийн ардууд ярьдаг. Түүнчлэн ингэж чанасан цайндаа хонины хуйхалж хярвасласан годон сүүл, эсвэл шийр хийж буцалгасан цайг хургастай цай гэнэ.

Захчин цай
Тогоонд усаа халааж дээр нь сайтар нунтагласан цайны идээ нэмж идээштэл буцалгана. Дараа нь цайгаа өөр саванд шүүж юүлнэ. Цэвэрлэсэн тогоонд сүүгээ хийж буцалгаад дээрээс нь хар цайгаа хийж дахин буцалгахдаа давс, айрагны цагаан тос нэмж олон дахин самарна

Казах цай
Ойролцоогоор гурван литр ус, 50 грамм цайны идээ, айрагны 30 грамм тос, түүхий сүүний цөцгий, хужир тус бүр 10 грамм орно. Жоронд заасан бүх зүйлийг данх буюу тогоонд үйж хийгээд самрахгүйгээр чанаж буцалгасны дараа пийшин, зуухны хүхээг дээр тавьж халуунаар аягалан цөцгий хольж ууна. Казах үндэстний энэ цай өтгөвтөр, хандлаг бөгөөд зөөлөн амттай тул уух тусам дахин дахин уумаар санагддаг.

Жич: Та казах айлд зочилбол цайг нь ханатлаа уугаад баярласнаа илэрхийлэхийн тулд аяганы амсрыг таван хуруугаараа таглан тавиарай. Хэрвээ чингэхгүй бол айл танд данхтай цайгаа дуустал хийгээд зогсохгүй дахин цай чанаж эхэлнэ шүү.

Торгууд цай
Ус, идээг тааруулан хүчтэй галаар хар цай буцалгаж шаарыг нь шүүгээд сүүгээр өтгөн сүлж, ахиухан шар тос нэмэн олон удаа самарч үе үе оргитол буцалгана. Давс, хужраар амт тохируулна. Өтгөн шаргал энэ цай хоолыг орлодог.

Урианхай цай
Өтгөн хар цай чанаад сав, данханд уудална. 
Халаасан ширмэн буюу хайлшин тогоо, саванд  сүүгээ  хөөрүүлээд дээр нь хар цайгаа тунгаан хийж давсаар амт тохируулан айргийн цагаан тос нэмж хөөсөртөл самарч буцалгана.

Дарьгангын будаатай цай
Цэвэр уутанд буюу самбайнд боож битүүлсэн цайны идээг шар будаатай хамт усанд хийж буцалгана. Дараа нь  сүүгээр  сүлж хужир, шар тосоор амт тохируулна. Аягалахын өмнөхөн  данхаа сэгсэрч шар будааг цайнд тараагаад аягална. 

Цаатан цай
Зод модны холтсыг сайн хатаагаад нарийн хуурайгаар үрж нунтагласны дараа шигшиж усандаа хийж самардаг. Цай буцалж ухаа ягаан өнгөтэй болсны дараа цааны сүүгээр сүлж самраад хужир нэмж үргэлжлүүлэн буцалгана. Ийм цай ходоодны үйл ажиллагаанд сайн, цусны даралтыг тогтворжуулах, биеийн өөрчлөлт, хямралаас сэргийлэх үйлчилгээтэй гэлцдэг.

Говийн цай
Шар будааг сайтар цэвэрлэж дэвтээсний дараа сэврээж нүднэ. Үүнийгээ халаасан шар тосонд бага зэрэг хуурсны дараа шүүсэн хар цайгаа шүүж хийгээд нимгэн зүссэн мах нэмж болтол нь буцалгана. Мах, будаа болох үед давс, хужраар амт тохируулан сүүгээр сүлж оргитол буцалгана. Цай бэлэн болмогц шар тос нэмж самраад халуунаар нь аягална. 

Говь нутагт загасгал хэмээх бутлаг ургамлыг цайнд чанаж уухаас гадна цулхирын гурилыг шар тосонд хуурч дээрээс нь шүүсэн цайгаа хийж хүчтэй галаар буцалгасны дараа сүлж хужраар амт тохируулан  уудаг.

Хийцтэй цай 
Эхлээд бор цайгаа хийж бэлдэж тавина. Шар тосоо тогоондоо хайлуулаад дээр нь гурил цацаж хуурна. Дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаад буцалгана. Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж  сүүгээ хийгээд  дахин буцалгана. Дэврээд ирэх үед нь сайтар самарч аагшуулна.

Цагаан будаатай цай 
Цайгаа чанаж бэлтгэнэ. Тогоонд шар тос эсвэл цөцгийн тос хайлуулж цагаан будаагаа хийж хуурна. Дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаад буцалгана. Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж сүүгээ хийгээд  дахин буцалгана. Будаа нь болсон бол сайтар самарч аагшуулна.

Шар будаатай цай
Мөн цайгаа чанаж тавина. Тогоонд шар тос эсвэл цөцгийн тос хайлуулж шар будаагаа хийж хуурна. Дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаад буцалгана.  Идээшмэгц нь  бага зэрэг давс нэмж  сүүгээ хийж дахин буцалгана.  Будаа  болмогц  сайтар самарч аагшуулна.

Банштай цай
Ядарч тамирдсан үед эм болдог цай юм. Ингэж хөөрөгдсөн цайг уухын өмнө аяганыхаа ууранд битүү утвал илүү ядаргаа тайлах үр дүнтэй гэж үздэг.

Дом болсон долоон банштай цай
Хонины гуяны махнаас авч жижиглэн татаж сонгино, давсаар амт тохируулж жижгэвтэр банш хийнэ. Хар цай чанаж шаарнаас нь шүүж саванд юүлнэ. Халаасан тогоонд шар тос хийж хайлуулаад хуурай гурил цацаж хуурна. Үүн дээрээ шүүсэн цайгаа хийж хонины шаант чөмөг хаяад хэсэг буцалгасны дараа баншаа нэмж нэг буцалгасны дараа сүлнэ. Нэг аяганд долоон ширхэг банш орохоор бодож хийгээд цайгаа халуунаар нь аягална.

Хөөрцөглөсөн цай
Халаасан  тосонд хуурсан гурил дээр шингэн цай хийхэд их уур гарч хөөрөх бөгөөд түүнийг гадагш алдалгүй таглаж буцалгаж чанасан цайг ингэж нэрлэнэ.  

Цагаан гаатай цай   

Цагаан гааг нунтаглан цайгаа бэлэн болохын өмнөхөн тал цайны халбага хэртэй хийж амт тохируулна.  Энэ цайг  тамир тэнхээ оруулахад тустай гэж үздэг.

Толгойн ястай цай
Хонины толгойн гавалын ясыг хагалж аваад бэлэн болсон сүүтэй цай, хийцтэй цайн дээрээ ясаа хийж чанадаг. Ийм цайг Төв аймгийнхан чанах дуртай.

Сэлэнгийн бор цай
Ширмэн тогоо, эсвэл зузаан ёроолтой саванд  шар тос, давс, цайны идээ, гурил хамтатган хийж бага зэрэг хуурсны дараа ус нэмж самран буцалгана. Хонины нимгэн хярсан түүхий сүүлнээс хэрчмийг аягандаа хийж дээрээс нь буцламгай халуун цай нэмээд ижил хэмжээний амсартай аягаар хөмрөн таглаж 2-3 минут орчим болсны дараа уухад биеийн алжаал тайлагддаг тухай Сэлэнгэ нутгийн настан буурлууд хуучилсныг Монгол улсын худалдааны гавьяат ажилтан, мастер тогооч Б. Дашзэвэг агсан надад ярьж энэ цайны жор, хийх аргыг өгсөн билээ. Энэ мэтчилэн монголчуудын уламжлалт цай ундааны олон арван төрөл зүйл бий. 


Төгсгөлийн оронд

Монгол үндэстний уламжлалт цайны орц жор, технологид тулгуурлан хийж тусгайлан савлаж бэлтгэсэн “Хаан сүүтэй цай”, “Өгөдэй цай”, “Богд хаан” зэрэг зөвхөн бидэнд  төдийгүй хилийн чанад дахь монгол туургатнуудад таашаагдсан цайг санаачлан  хийх ажилд миний бие  хоол хүнс судлаачийн хувьд  хамтран  оролцсондоо бахархаж явдаг. 

No comments:

Post a Comment